Компаниуд
  • “Эрдэнэс Оюу Толгой” ХХК

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн зэс-алтны ордыг ашиглах  "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г Монгол Улсын Засгийн Газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" ХХК, "Айвенхоу Майнз" ХХК-ууд  2009 онд байгуулсан. Түүнчлэн "Оюу Толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2010 онд байгуулан ажиллаж байна.

    Эдгээр гэрээнүүдийн дагуу "Оюу Толгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн Газар эзэмшиж байгаа бөгөөд "Эрдэнэс Монгол" ХХК-нд энэхүү 34 хувийг эзэмшүүлсэн.

    Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 348 дугаар тогтоол, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28  дугаар тогтоолуудаар  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, "Оюу Толгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг "Эрдэнэс Монгол" ХХК-аас  "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-нд албан ёсоор шилжүүлэв.

    "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь монголын талын 34 хувийн хувьцааг эзэмшин,  "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож, ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлэх явдал юм.

    Оюу толгойн ил болон гүний уурхай бүрэн ашиглалтанд орсноор ирээдүйд дэлхийн хэмжээний 5 том зэсийн уурхайн нэг болж Ази тивд олборлох нийт зэсийн 24 хувийг олборлоно.

     

     

  • “Эрдэнэс Таван толгой” ХК

    МУ-ын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2010 онд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг байгуулсан.

    “Эрдэнэс Таван толгой” ХК нь “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.

    “Эрдэнэс Таван толгой” төсөл нь нүүрс олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах,  ус хангамжийн системийг байгуулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжих юм.

    Цанхийн Зүүн уурхайн ТЭЗҮ-ийг 2011 онд батлуулан, олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Цанхийн Баруун ТЭЗҮ-ийг 2012 онд батлуулан, олборлолтын үйл ажиллагааг 2013 оны 2 дугаар сараас тус тус эхлүүлсэн.

    Ордын нийт нөөц: 6.008 тэрбум.тн

    • Коксжих – 2.050 тэрбум.тн
    • Эрчим хүчний – 3.757 тэрбум.тн
    • Исэлдсэн – 0.201 тэрбум.тн

    Цанхийн Зүүн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2010 оноос хойш өссөн дүнгээр нийтдээ 14.86 сая.тн (2017 оны 1 дүгээр сарын байдлаар) нүүрс олборлосон байна.

    Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2013 оноос хойш өссөн дүнгээр нийтдээ 10.65 сая.тн (2017 оны 1 дүгээр сарын байдлаар) нүүрс олборлосон байна. 

     

     

  • “Багануур” ХК

    Багануур ХК анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 39 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 2-р сарын 9-нд 100.0 сая.тн дахь нүүрсээ олборлосон.

    1995 онд хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр буюу “Эрдэнэс Монгол” ХХК, 25 хувийг иргэд эзэмшдэг.

    Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 3.6-3.8 сая.тн нүүрсийг олборлож 16.0-18.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон тээвэргүй хосолсон ашиглалтын системээр олборлолт явуулдаг. Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60%, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн.

    Багануурын нүүрс нь өөрийн физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглагдах төдийгүй дахин боловсруулалт хийгдэн шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш, бусад химийн үйлдвэрлэлийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан.

    Ордын нийт нөөц: 812 060.6 мян.тн

    • Балансын – 584 458.4 мян.тн
    • Балансын бус – 227 602.2 мян.тн

    Өмнөх хайгуулаар ордын нийт нөөц 599.7 сая.тн байсан ба нэмэлт хайгуулаар нөөц 812.1 сая.тн болж 212.4 сая.тн-оор нэмэгдсэн.

     

  • “Шивээ Овоо” ХК

    1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус уурхайг Төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулав. Нийт хувьцааны 90 хувийг төр буюу “Эрдэнэс Монгол” ХХК, 10 хувийг иргэд эзэмшдэг.

    Сүүлийн жилүүдэд уурхайн уулын ажлын/нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт/ хэмжээ тогтвортой нэмэгдэж нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж байна. Тус компани нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 30%, “ДЦС-4” ТӨХК-ийн хэрэгцээний 50%-ийг хангаж байна.

    Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос зүүн урагшаа 265 километрт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт, далайн түвшинээс дээш 1,200 метрт оршдог.

    Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тн нүүрсний нөөцтэй, 3 үндсэн хэсгээс бүрдэж байна. Үүнд:      

    Ордын нийт нөөц: 2708.7 сая. тн

    • Шинэ усны хэсэг - 564.1 сая.тн
    • Өөхийн цагааны хэсэг - 1147.9 сая.тн
    • Ногоон тойромын хэсэг - 996.7 сая.тн

     

  • “Мон Атом” ХХК

    Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж, ордыг ашиглах тохиолдолд төрийн төлөөллийг заавал хангасан байхыг шаарддаг. Энэ чиг үүргийг хариуцуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүднээс “Мон Атом” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

    Тус компани нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд бодлого, зохицуулалтын хувьд Цөмийн энергийн газарт, санхүүгийн хувьд Төрийн өмчийн хорооны мэдэлд анх үйл ажиллагаа явуулж байсан. УИХ-ын 2015 оны 100 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоолоор тус компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр шилжүүлсэн.

     

  • "Эрдэнэс Метан" ХХК

    2016 оны 2 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Метан” ХХК нь байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлэв. “Эрдэнэс Метан” ХХК нь тэргүүн ээлжинд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар Таван Толгой болон бусад ордын нүүрсний давхаргын метаны нөөцийг тогтоох, дараагийн ээлжинд метаны олборлолтыг эхлүүлж Улаанбаатар зэрэг хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, цаашид Монгол Улсыг хий экспортлогч орон болгох зорилготой ажиллаж байна.

     

    www.erdenesmethane.mn

  • "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК

    "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК

    Төр, хувийн хэвшлийн хамтарсан Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэс Монгол ХХК болон Эйкүсора ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн байгуулагдсан 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг нүүрсээр хангах юм.

    Тус компанийн 50 хувийг Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК, үлдсэн 50 хувийг хувийн хэвшлийн Шинэ Шивээ ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Эйкүсора ХХК тус тус эзэмшдэг.

    Төр, хувийн хэвшлийн хамтарсан Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэс Монгол ХХК болон Эйкүсора ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн байгуулагдсан 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг нүүрсээр хангах юм. Тус компанийн 50 хувийг Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК, үлдсэн 50 хувийг хувийн хэвшлийн Шинэ Шивээ ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Эйкүсора ХХК тус тус эзэмшдэг.

    Эндээс "Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор" төслийн талаар үзнэ үү

     

    www.erdenes-shivee-energy.com

  • Гашуун Сухайт Авто зам

    2011 онд Монголын хувийн хэвшлийн “Энержи Ресурс” ХХК 239 км замыг ашиглалтад оруулсаныг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

    2014 онд нүүрсний голлох экспортлогч “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК болон “Таван толгой” ХК зэрэг компаниудын оролцоотойгоор “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийг компанийг байгуулж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн замын хариуцагчаар ажиллаж байна. 

    www.gsr.mn

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал