© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Дисковер Монголиа эхэллээ
2 сарын өмнө

15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.  Энэ удаагийн чуулга уулзалтаар  Монголын төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил, Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүд болон манай улсын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэж хамтран ажиллах санал солилцож байна. Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр“уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох , ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулан, эдийн засгийн тэнцвэртэй, олон тулгуурт бүтцийг бий болгох чиглэлээр үүсмэл орд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчилж байна” гэсэн юм. Мөн өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нүүрс 84,12 хувь, хүдэр 87,31 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг дуулгасан юм.

Чуулга уулзалтын илтгэлийн салхийг хагалж “Эрдэнэс Монгол”  группийн санхүүгийн үзүүлэлтүүд сэдвээр  Дэд захирал Г.Ганболд илтгэл тавилаа. Тэрээр “Эрдэнэс Монгол”  групп  өнгөрсөн онд түүхэндээ анх удаа ашигтай ажилласныг онцлоод  “энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 190.1 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж, 298.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гэлээ. Эрдэнэс Монгол группийн хэмжээнд энэ онд нийт 736.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр байгаа бөгөөд 1000 гаруй аж ахуйн нэгж худалдан авах ажлыг гүйцэтгэж байна.  Эрдэнэс Монгол групп металлургийн ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төсөл,  нүүрсний давхаргын метан хийн төсөл, Ураны ордыг ашиглах төсөл, Эрчим хүчний экспортын “Шивээ энержи” цогцолбор зэрэг гадны хөрөнгө оруулалттай томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ. Түүнчлэн  “Монгол хүн бүрт баялаг болж ирэх 1072 хувьцааг бүртгэлжүүлэх ажил нааштай байгааг дуулгасан бөгөөд “Монгол Улсын Засгийн газрын 154-р тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 65.19 хувь буюу 9,778,500,000 ширхэг хувьцааг нэрлэсэн үнэ бүхий 933 төгрөгөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгэх ажлыг хэрэгжүүлснээр өөрийн хөрөнгө 9,1 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ” гэлээ.   Хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, хамтын ажиллагаа өрнүүлэх, компаниа гадаад, дотоодын зах зээлд сурталчлах зэрэг өргөн боломжийг олгож байгаа уг чуулга уулзалтад  250 гаруй гадна дотны төлөөлөгчид оролцож байна.  Чуулга уулзалт 2 өдөр үргэлжилнэ.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap