© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
дөнгөж сая

МЭНДЧИЛГЭЭ

Эрдэнэс Монгол компанийн 10 жилийн ойг тохиолдуулан тус компанийн үе үеийн удирдлагууд болон ажилтнууддаа, Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүчээ болсон охин компаниуддаа, бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, хамтрагчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлье!

2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялагийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэнэс Монгол компанийг байгуулсан түүхтэй. Эрдэнэс Монгол компани үүсгэн байгуулагдсанаас хойш  Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхайн салбарт оновчтой, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх зорилгоор хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчидтэй хамтын ажиллагааг бэхжүүлж хамтран ажиллах, охин компаниудын ашигт ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж ирлээ.

Өнөөдөр Эрдэнэс Монгол компани дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг, Гашуун сухайт авто замыг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшиж байна. Мөн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Ашид” ХХК зэрэг компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан.

Монгол Улсын үсрэнгүй хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад уул уурхай, эрдэс баялгийн салбарын оруулсан хувь нэмэр их билээ. Тэр дундаа стратегийн ордуудад олборлолт, үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг охин компаниудын маань хувь нэмэр чамгүй их юм.

Өнгөрсөн 10 жил Эрдэнэс Монгол компанийн хувьд охин компаниудын хэмжээнд сайн засаглалыг хөгжүүлэх, бие даасан үйл ажиллагааны тогтолцоог хэвшүүлэх, бизнесийн зарчмаар ажиллах чиглэлээр хийж бүтээсэн ажил ихтэй, амжилт ололтоор дүүрэн он жилүүд байлаа.

Эрдэнэс Монгол компани маань цаашид үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний тэргүүлэгч компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Хамтран ажиллагч байгууллагууд, хамтрагчидтайгаа үр дүнтэй, удаан хугацааны тогтвортой амжилтын төлөө зүтгэл нэгтгэн ажиллахыг хүсье!

Өнөөг хүртэл бүхий л хугацаанд бүтээлчээр хөдөлмөрлөж ирсэн охин компаниудын хамт олон Та бүхэндээ ойн баярын мэнд хүргэе!

Өрнүүн үйлсийг өртөөлөгч Эрдэнэс Монгол компанийн хамт олондоо 10 жилийн ойгоо үлдээх мөртэй, үлгэрлэх үйлстэй сайхан тэмдэглэхийг ерөөе!

 

Хүндэтгэсэн,

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,

Ц.ТҮМЭНЦОГТ

 

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap