"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК ЭЗБХ-НЫ ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ. 2017 оны 5 сарын 18

“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байдал, цаашдын чиглэлийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо  мэдээлэл сонслоо.

“Эрдэнэс Монгол” ХХК ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт  “Эрдэнэс-Монгол” ХХК болон охин компаниудын үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийв.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 266 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд болон улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа яөуулах, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлийн төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зевлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн өмчит компанийг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу Төрийн өмчийн хорооны 2007 оны 52 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол" ХХК-ийг байгуулж, анхны дүрмийг баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Тус ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар бөгөөд компанийн давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг юм. “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөн хзрэгжүүлэгчийн хувьд “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон Atom” ХХК зэрэг 11 охин болон хараат компанитай юм.

 

“Эрдэнэс-Монгол” ХХК  болон охин компаниудын хэтийн зорилт нь дэлхийн жишигт нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бөгөөд Сингапурын “Темасек холдинг”, Бүгд Найрамдах Казахстан Улсын Самрук-Казына компанийн жишгээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн болохыг Ц.Түмэнцогт захирал танилцуулгадаа дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр групп компанийн 2017 оны бизнес төлөвлөгөөний нэгдсэн үзүүлэлт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдал болон группийн өр төлбөрийн талаарх ерөнхий тоймын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн ЭМГЛ нэгдлийн охин компани тус бүрийн санхүү, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэс таван толгой” ХХК нь өнгөрсөн онд 7.4 сая тонн нүүрс олборлон, экспортолсон бол энэ жил 13 сая орчим тонн болгохоор төлөвлөсөн. Орлогын хувьд 2016 онд 467 тэрбум төгрөг байсан бол энэ онд нүүрсний үнэ өссөн, “Чалко компанийн өр дууссан, баруун Цанхын үйл ажиллагаа явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор орлого өснө хэмээн тооцож 1.238 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн байна. ЭМГЛ нэгдэл Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь 60 ам.доллараар худалдаалагдаж байсан угаагаагүй нүүрсний үнийг дуудлага худалдаагаар нэмэгдүүлж уурхайн амнаас 71 ам.доллараар худалдах боломжийг бүрдүүлээд байгаа. Үүний үр дүн компанийн санхүүгийн чадавхи дээшилж, өр төлбөрөө барагдуулахад тодорхой үр дагавар гарсан болохыг Ц.Түмэнцогт захирал мэдээллээ.

 

ЭМГЛ нэгдлийн охин компани болох “Багануур” ХК-ийн үйл ажиллагааны тухай мөн танилцуулсан. Төвийн эрчим хүчний системийн харъяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зорилгоор 1978 онд үүсгэн байгуулсан бөгөөд нэмэлт хайгуулаар орд нь нийт 812.1 сая тн нүүрсний нөөцтэй. Нүүрсний үнийг төрөөс хатуу тогтоож ирсэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласаар ирсэн нь компанийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг тухай бүр хийх боломжгүй байдалд хүргэсэн байна. 1 тн нүүрсний олборлолт нь борлуулалтын өртөгтэй тэнцүү байгаа нь тус компанийн насжилт ихтэй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хүндрэл үүсгэж байгаа аж. Түүнчлэн “Монгол нүүрс” төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газар болон Дэлхийн банкнаас Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 39 тэрбум төгрөгийг барагдуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, үүний тулд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулсан. Мөн “Шивээ Овоо” ХК, “Мон Атом” ХХК-иудын үйл ажиллагаа, нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулгуудыг хийлээ.

 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал