“Эрдэнэс Монгол” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Спортын 4 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа 2017 оны 5 сарын 9

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборт Спортын 4 төрөлт тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарынхан нэгэн дээвэр дор цуглаж, спортын дөрвөн төрөлд өөрсдийн хурд хүчээ ийнхүү сорьцгоов. Энэхүү наадамд нийт 22 байгууллагын 14 багийн 442 тамирчин оролцлоо. 

Спортын наадмын шатрын төрөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны баг тэргүүн байр эзэлсэн бол ширээний теннисний төрөлд “Шивээ Овоо” ХК-ийн баг тэргүүлжээ. Харин гар бөмбөгийн төрөлд “Шивээ Овоо” ХК-ийн эрэгтэй баг, “Багануур” ХК-ийн эмэгтэй баг бусдыгаа түүчээлсэн бол сагсан бөмбөгийн төрөлд “Багануур” ХК-ийн эрэгтэй баг, “Шивээ Овоо” ХК-ийн эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртсэн байна. Тэмцээнийг зохион байгуулагч Эрдэнэс Монгол компанийн эмэгтэй баг гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль, эрэгтэй баг нь сагсан бөмбөгийн төрлөөр хүрэл медаль хүртлээ.

Нийт багийн дүнгээр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн баг тамирчид хүрэл медалийн эзэн болсон байна. “Шивээ Овоо” ХК-ийн баг тамирчид мөнгөн медаль хүртсэн бол “Багануур” ХК-ийн баг аваргын алтан медаль, шилжин явах цомын эзнээр тодорлоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт тэмцээний арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ “Одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд анх байгуулагдаж байсан Эрдэнэс Монгол компани өдгөө 12 охин болон хараат компанитай, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр байр суурь эзэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний тэргүүлэгч компани болж чадсан байна. Цаашид бид өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхийн төлөө нэг зорилго зүтгэлээр, нэг итгэл сэтгэлээр хамтдаа урагшлах болно” гэдгийг онцоллоо. 

Холбоо барих: 

С.Хүрэлбаатар 976 88118404, khurelbaatar@erdenesmongol.mn 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал