Авлигатай тэмцэх газрын албан хаагчид төрийн өмчит компаниуд дээр ажиллаж байна 2017 оны 5 сарын 9

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч долоо хоногт “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яам, агентлаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд зохион байгуулжээ. Үүний хүрээнд тус газрын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг энэ Даваа гарагаас /2017.05.08/ эхэлж батлагдсан удирдамжийн дагуу яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагууд болон төрийн өмчит компаниуд дээр ажиллаж эхэлсэн бөгөөд "Эрдэнэс Монгол" болон охин компаниудын удирдлагуудтай уулзлаа.  

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Эрдэнэс Монгол компани дээр ажиллах хугацаандаа дараах ажлуудыг зохион байгуулах юм. Үүнд:

  • Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцах, шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгуулах;
  • Компанийн удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм, төлбөр, хураамж тогтоосон баримт бичигтэй танилцах, хянан шалгах, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргасан байдал, тэдгээрийн бүртгэл, тайлан, мэдээг гаргасан байдлыг хянах;
  • Шилэн дансны болон мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, заавар зөвлөгөө өгч, сургалт, мэдээлэл хийх;
  • Худалдан авах ажиллагааны үр дүн, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн талаар холбогдох байгууллагаас Сангийн яаманд мэдэгдсэн, бүртгүүлсэн эсэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг худалдан авах ажиллагаанд оруулахгүй байх хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Ашиг сонирхолын зөрчлийн тухай" сургалтыг зохион байгуулах, мэдээлэл өгөх;

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал