Ц.Түмэнцогт: “Эрдэнэс Монгол компани хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилж байна” 2017 оны 4 сарын 5

Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцов. Уул уурхайн салбартаа томоохонд тооцогддог тус үзэсгэлэн, арга хэмжээг “Эрдэнэс Монгол” компани нь гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өөрийн болон охин компаниудын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор оролцож байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт тус үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, харилцан ашигтай хөрөнгө оруулалт болон томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах байр сууриа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчинг бүрдүүлж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах бодит боломжийг бүрдүүлээд байна. Улс орны эдийн засгийн хөгжлийн нэн хариуцлагатай үед Эрдэнэс Монгол компани нь үндэсний хөрөнгө оруулалтын компанийн хэмжээнд Та бүхэнтэй харилцан ойлголцсон, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилж байна” гэдгийг онцоллоо. Мongolia Mining 2017 үзэсгэлэнгийн үеэр Эрдэнэс Монгол болон охин компаниудын удирдлагууд Австралийн уул уурхайн технологийн компаниудын төлөөллийг хүлээн авч, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийж, хамтран ажиллах санал солилцсон юм.

Мongolia Mining 2017 олон улсын үзэсгэлэнгээс дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлага, уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, дэвшилтэт технологитой танилцах боломжтой. Тус үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байгаа бөгөөд Эрдэнэс Монгол ХХК болон Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван Толгой ХХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК зэрэг компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журмын талаар танилцуулга хийж, холбогдох мэдээллийг өгч байна. Тус үзэсгэлэн 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд гурван өдрийн турш үргэлжилнэ.

 

Холбоо барих:

С.Солонго 97699000963, s.solongo@erdenesmongol.mn

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухай:

"Эрдэнэс Монгол" компани нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой.

Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг болон Гашуунсухайт авто замыг эзэмшдэг. Түүнчлэн “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК болон “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК зэрэг компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан. 2017 оноос төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж “Эрдэнэс Ашид” ХХК, “Эрдэнэс Стийл” ХХК хамтарсан компаниудыг байгуулав. 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал