Эрдэнэс Монгол компани Британийн Гадаад Худалдааны яамтай хамтын ажиллагааг эхлүүлэв 2017 оны 2 сарын 1

Монголын олборлох салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон Монгол Улсын хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлох салбарын ил тод байдлыг хангах, боловсрол олгох, сургалт зохион байгуулах зэргээр олборлох салбар дах бизнесийн харилцааг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах юм.

“Эрдэнэс Монгол” ХХК нь тус хамтын ажиллагааг эхлүүлж, монголын төрийн эзэмшлийн уул уурхайн компаниуд болон Британийн бизнесийн төлөөллүүдийг оролцуулсан Дугуй ширээний уулзалтыг (2017.01.30) зохион байгуулав.

Тус уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс-Тавантолгой”, “Багануур”, “Эрдэнэс Оюу Толгой” болон “Эрдэнэс Шивээ Энержи” компаниуд үйл ажиллагаа, уурхайн уулын ажил болон үйлдвэрлэлийн процесс, хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулга хийв. Британийн бизнесийн төлөөллүүдийн зүгээс эдгээр компаниудтай олборлох үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уурхайн тоног төхөөрөмжийг сайжруулах, уул уурхайн салбарын хамгийн шинэлэг програм хангамж, мониторингийн системийг ашиглах зэргээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, харилцан санал солилцлоо.

Уулзалтын хүндэт зочноор Монгол Улсад суугаа Британийн элчин сайд Катрин Арнолд оролцож “Монгол Улсад хэрэгжих төслүүдэд экспортын зээл, санхүүжилтийг олгох, даатгалын үйлчилгээ үзүүлэх зэргээр хамтран ажиллах боломж байна. Гол нь тухайн төслүүд Британийн экспортын санхүүжилтийн газар, ЭЗХАХБ-д хүлээн зөвшөөрөгдсөн байх зэргээр хэд хэдэн шаардлагыг бүрэн хангасан байхыг шаардлагатай” гэдгийг онцолсон юм. 

 

Оролцогчид:

  • Британийн талаас Гадаад худалдааны яам болон Спийд каст, Варделл Армстронг, Харгревис Индастриал Сервис, Зэйсс, Жое Глобал, Куммис компаниудын төлөөлөл
  • Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс-Тавантолгой”, “Багануур”, “Эрдэнэс Оюу Толгой”, “Эрдэнэс Шивээ Энержи”, “Эрдэнэс Метан” компаниудын төлөөлөл

 

 

 

Холбоо барих: 

Ш.Эрдэнэбаяр 976 88880806, erdenebayar@erdenesmongol.mn

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухай:

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой байгуулагдсан. Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Түүнчлэн “Гашуун сухайт авто зам” ХХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК болон “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК зэрэг компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан.

 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал