Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн форумд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын хэлсэн үг 2017 оны 1 сарын 31

2017 оны 1 дүгээр сарын 31

Улаанбаатар хот

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид,

Хамтран ажиллагч бизнесийн төлөөллүүд,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголын уул уурхайн салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, Оюу толгойн ил болон гүний уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа, Монгол Улсын хөгжлийн түүхийг хамтдаа бүтээлцэж байгаа баялаг бүтээгч, хамтран ажиллагч Та бүхэндээ “Эрдэнэс Монгол” компанийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

Оюу толгой төсөл нь Монголын бизнесийн нэрийн хуудас болсон төсөл. Оюу толгой бол дэлхийн хамгийн их нөөцтэй, зэсийн өндөр агуулгатай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төсөл болоод байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилт нь 2015 оны дэлхийн томоохон төслийн санхүүжилтын гэрээ хэлцлүүдийн тоонд орсон бөгөөд энэхүү санхүүжилтын төлөвлөгөөг баталснаар 2021 оноос зэсийн баямжалын үйлдвэрлэл, экспорт нэг дахин нэмэгдэх бололцоо бүрдсэн юм. Уул уурхайн салбарт анх удаа монголын компани Оюутолгой төслөөр дамжуулж олон улсын зах зээлээс санхүүжилт авсан нь гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, гадаад төдийгүй дотоодын зах зээлд хөрөнгө оруулагчдад эерэг дохио боллоо. Өнгөрсөн хугацаанд тодорхой шалтгаануудын улмаас төслийн явц удааширсан боловч хувь нийлүүлэгчид тулгарсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэснээр, дараагийн шатны бүтээн байгуулалтыг хийхэд одоогоор саадгүй, эрчимтэй урагшилж байна. Монголын талаас зэсийн баяжмалын экспортыг цаг алдалгүй гаргахад шаардлагатай дэд бүтцийн болон хилийн нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Оюу толгой нь урт хугацаанд харилцан ашигтай байх, Монголын талын хувь нийлүүлэгч, аж ахуйн нэгжүүд, иргэдэд үр өгөөжөө өгсөн, татвар, ашигт малтмалын нөөц ашигласан татварын хэмжээ нэмэгдсэн, ажлын байрыг олноор бий болгосон төсөл байх болно. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу Толгой” компаниуд нь Оюу толгой төслийг дагаж нэмүү өртөг шингэсэн зэс хайлуулах үйлдвэрлэлийг барьж байгуулах, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын дэд бүтцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах нөхцлийг бүрдүүлэхээр Рио Тинто болон Туркойз Хилл компаниудтай идавхитэй хамтран ажиллах болно.

“Оюу Толгой” компани нь уул уурхайн салбарт томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, хөрөнгө оруулалтыг татаж, сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлж, хамгийн чухал нь монголын олон мянган залуучуудыг уул уурхайн технологи, бизнес-менежментийн арга барилд сургаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болгон төлөвшүүлж байгааг Монголын тал өндрөөр үнэлж байгааг онцлон хэлье.

Та бүхний ажилд өндөр амжилт хүсье!

 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал