Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлд “Эрдэнэс Монгол” ХХК хамтран ажиллана 2017 оны 1 сарын 19

МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нүүрс шингэрүүлэх технологийг монголд нэвтрүүлэх, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, хамтран ажиллах чиглэлээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон Поларис Ассет Корпораци, Женерал Электрик, Ж.П Морган компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон УУХҮЯ-ны төлөөлөгчид оролцов.

Хатагтай Женифер Зимдал Галт “Поларис Ассет Корпораци нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төсөлд Монгол улстай хамтран ажиллах зорилгоор олон удаа ирж, холбогдох хүмүүстэй уулзалт хийсэн. Поларис Ассет Корпораци нь АНУ-ын Худалдааны яам, Төрийн департамент, Монголд суугаа АНУ-ын Элчин сайдын яамыг оролцуулж, АНУ-ын Засгийн газрын дэмжлэгийг аваад байна. Товчхондоо, АНУ-ын эдгээр бүх байгууллага нүүрс шингэрүүлэх технологийг монголд нэвтрүүлэх Поларис Ассет Корпорацийн санаачлагыг идэвхтэй дэмжиж байна” гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо.

Өнөөдөр дэлхийн улс орнууд бензин, дизелийн хэрэгцээний 30 орчим хувийг дотоодын нүүрснээс гарган авч байна. Ялангуяа Монгол болон газрын тосны импортоос ихээхэн хамааралтай, их хэмжээний нүүрсний нөөцтэй орнуудад нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх нь тохиромжтой юм. Нүүрснээс шингэн түлшийг үйлдвэрлэж суудлын тэрэг, бусад тээврийн хэрэгсэлд ашигладаг төдийгүй Өмнөд Африкийн нүүрсний шингэн түлшийг арилжааны тийрэлтэт онгоцонд ашиглаж байна. Түүнчлэн дэлхий даяар нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа талаар Поларис Ассет Корпорацийн Гүйцэтгэх захирал Реза Хашампуур мэдээлэл өгөв.

Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төсөлд АНУ-ын Поларис Ассет Корпорацитай хамтран ажиллах юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Энэхүү төсөл нь Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түлш, эрчим хүчний хараат бус байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр шингэн түлш үйлдвэрлэх олон улсын технологийг монголдоо нутагшуулах давуу талтай. Төслийн урьдчилсан тооцооноос харахад нүүрснээс өдөрт 10 мянган баррель шингэн түлш үйлдвэрлэнэ гэж үзвэл жилд ойролцоогоор 269,5 сая ам.долларыг Монголын эдийн засагт хэмнэж өгөх боломжтой. Ирээдүйд шинэ цахилгаан станц барих зардлыг хэмнэхээс гадна нийгэм, эдийн засгийн хувьд маш олон боломжуудыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.

Төслийн хүлээгдэж буй байгаль орчин, эдийн засгийн өгөөж:

  • Fischer-Tropsch процессийн үйл ажиллагаа нь байгальд “хор хөнөөлгүй” технологи ашигладаг.
  • Үйл ажиллагааны явцаас бий болсон нүүрстөрөгчийн давхар ислийн хийг 99%-аар хураана.
  • Хураагдсан давхар ислийн хийг аж үйлдвэрийн зорилгоор худалдаалж болох ба эсхүл бөглүү газар хадгалж болно.
  • Үйлдвэрээс гарах ус, цахилгаан, дайвар бүтээгдэхүүнүүдийг үйлдвэр дахин ашиглаж болох ба эсхүл ашиг орлого нэмэгдүүлэх шугамаар худалдаалж болно.
  • Үйлдвэр нь 100-150МВ эрчим хүч гаргах хүчин чадалтай.
  • Керосен эсхүл синтек байгалийн хий (бусад үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн) нь орон сууц халаахад ашиглаж болно.

Төслийн товч танилцуулга:

Гүйцэтгэгч талууд

 

“Эрдэнэс Монгол” ХХК

Поларис Ассет Корпораци

Вүүд Групп

Женерал Электрик

Хугацаа

3 жил 6 сар

Төслийн хугацаанд Байгаль орчны судалгаа болон, ТЭЗҮ, Инженерингийн суурь болон бүрэн багц, үйлдвэрийн барилгын ажил, технологийн тусгай зөвшөөрөл, ажилчдын сургалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Хөрөнгө оруулалт

1,152 тэрбум ам.доллар

Байршил

Байршлыг нарийвчлан тодорхойлно.

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр нь өдөрт 10 мянган баррель шингэн түлш үйлдвэрлэхийн тулд нүүрсний уурхайн олборлолт явуулж буй уурхайтай ба дэд бүтэцтэй ойрхон баригдах шаардлагатай.

Үйлдвэрийн насжилт

30 жил

Үйлдвэрийн хүчин чадал

өдөрт 10,000 баррель шингэн түлш

Бүтээгдэхүүн

25% бензин

75% дизель түлш болон бусад дайвар бүтээгдэхүүн

Эдгээр дайвар бүтээгдэхүүнийг тус үйлдвэр дахин ашиглах буюу нэмэлт орлого олох зорилгоор борлуулж болно. (Үүнд: уур, дулаанаас гарах эрчим хүч, хүхэр, ус болон CO2, азот болон аргон хий багтана)

Үйлдвэрийн технологи

 

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх нь газрын тосыг орлуулж ашиглах боломжийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал ач холбогдолтой. Нүүрсийг шингэн түлш болгох нэг арга бол нүүрсийг хий болгож, нийлэг шатдаг хий (устөрөгч ба нүүрстөрөгчийн исэл) гаргаж авах шууд бус шингэрүүлэх арга юм. Нийлэг шатдаг хий нь үүний дараа өндөр чанартай, цэвэр бүтээгдэхүүн гаргах Fischer-Tropsch процесс буюу хурдасгуурт орж шингэн төлөвт шилждэг. Тус процессоор цэвэр газрын тос, дизель, мөн нийлэг лав, шатах, тослох материал, химийн үйлдвэрийн түүхий эд, бусад шингэн түлш зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж авдаг.

Монгол улсаас олдох чанарын үзүүлэлт муутай хүрэн нүүрсийг үр ашигтайгаар ашиглаж 1.5-2.0 баррел шингэн түлшийг метр тонн нүүрс бүрээс гаргаж авна. Энэхүү процессийн явцад ус, цахилгаан зэрэг дайвар бүтээгдэхүүнийг мөн үйлдвэрлэх юм.

Түүнчлэн Поларис Ассет Корпораци нь монголын хүрэн нүүрс болон доогуур зэрэглэлийн нүүрсэнд сайтар тохирох Fischer-Tropsch процессийг эзэмшдэг.

*Төслийн урьдчилсан тооцоололд суурилсан болно.

 

Холбоо барих:

С.Солонго 976 99000963, s.solongo@erdenesmongol.mn

 

Поларис Ассет Корпорацийн тухай:

Поларис Ассет Корпораци нь Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй, 2011 онд байгуулагдсан. Бизнесийн гол зорилго нь импортын түлшнээс ихээхэн хамааралтайгаар эрчим хүчээ хангадаг улс орнуудад дотоодын нүүрсээ ашиглаж эрчим хүчний бие даасан байдалд хүрэхэд туслах юм. Поларис Ассет Корпораци нь бизнесийн дэвшилтэт технологийг тодорхойлж, оюуны өмчийг өөрийн компани дээр эзэмшдэг. Тодруулбал, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологи болох “Fischer Tropsch”-ийг эзэмшдэг байна.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухай:

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой байгуулагдсан. Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Түүнчлэн “Гашуун сухайт авто зам” ХХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК болон “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК зэрэг компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан.

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал