Азийн хөгжлийн банк (АХБ)-ны техникийн туслалцааны төслийн зээлийн танилцуулга 2016 оны 8 сарын 25

Эрдэнэс Монгол болон охин, харьяа компаниудын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг “Эрдэнэс Монгол” ХХК нь 2016 оны 4 дүгээр сард Азийн хөгжлийн банктай байгуулав.

Уг төслийн хугацаанд нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох, бэхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Төслийн үндэслэл

Азийн хөгжлийн банк (АХБ) нь 2014-2016 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегидаа Монгол Улсын хөгжлийн дунд хугацаанд тулгамдаж буй гол асуудал бол эдийн засгийг төрөлжүүлэх гэж тодорхойлсон. Үүнээс гадна төрийн эзэмшлийн компанийн үр бүтээмжтэй менежмент болон хөрөнгийн үнэ цэнийн өсөлтийн ач холбогдлыг онцлов. Эрдэнэс Монгол болон охин компаниудын институцийн тогтолцоо, менежментийн чадавхийг бэхжүүлэх нь төрийн эзэмшлийн хөрөнгийг үр ашигтай удирдах, дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад чухал дэмжлэг болно гэж АХБ-аас дүгнэв.

Төслөөс хүлээгдэж буй үр дүн

Төслийн тоон үр дүн:

Нэгдэл компанийн хэмжээнд ашигт ажиллагааны түвшин өссөнөөр ирэх 6 жилийн хугацаанд нийт 3.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Тодруулбал,  2.0 их наяд төгрөгийн АМНАТ, 825 тэрбум төгрөгийн бусад татвар болон 518 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байна.

Төслийн хүрэх үр дүн:

(1) Эрдэнэс Монгол болон охин, харьяа компаниудын үйл ажиллагаанд хамгийн оновчтой стратегийг боловсруулна. Түүнчлэн, нэгдэл компанийн хэмжээнд институцийн нарийвчилсан дүн шинжилгээг хийх бөгөөд дунд болон урт хугацааны зорилтуудыг илүү тодорхой болгох юм. Үүнд, шинээр хөрөнгө босгох схем буюу байгалийн нөөцөд суурилсан бусад шинэ бизнесийн боломжийг судлах, шинэ бизнесийн загварыг бий болгох, бизнесийн болон эрхзүйн орчинд үнэлгээ хийх зэрэг ажлууд хийгдэнэ.

(2) Нэгдэл компанийн хэмжээнд менежментийн чадавхийг бэхжүүлнэ. Энэ нь компанийн засаглалыг хөгжүүлэх, эрсдлийн болон бүтээмжийн зөв зохистой удирдлагыг нэмэгдүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой. Мөн түүнчлэн нэгдэл компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэн шаардлагатай удирдлагын мэдээллийн систем (MIS)-д үнэлгээ хийх болон нийлүүлэлтийн гинжин удирдлага, төслийн удирдлага болон санхүүгийн удирдлагыг хөгжүүлэх юм.

(3) Дэд бүтцийн боломжуудыг тодорхойлж, чадавхийг сайжруулснаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслөөс хүлээгдэж буй өгөөж

  • Иргэдийг ажлын байраар хангах, ажилчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх, өндөр чадвартай олон улсад өрсөлдөхүйц Монгол мэргэжилтэнг бэлтгэх
  • Монгол Улсын иргэн бүрт Засгийн газрын эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хүртээх боломжийг бүрдүүлэх
  • Өөрийн компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах
  • Том төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгжүүлэх мэргэжлийн болон бизнесийн чадавхийг бий болгох
  • Улсын төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах
  • Уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар удирдаж, дэд бүтэц, эрчим хүчний шинэ бизнесийг бий болгох

Төслийн хугацаа, санхүүжилт

Хугацаа:                    15 жил

Санхүүжилт:            35 сая ам.доллар

Хүү:                            LIBOR + 0.15%

Мөн түүнчлэн төсөлд шаардлагатай санхүүжилтыг нэн таатай нөхцөл буюу эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр шийдвэрлэсэн. Уг техникийн туслалцааны төслийн санхүүжилт нь АХБ-ны холбогдох журам, стандартын хүрээнд графикийн дагуу үе шаттайгаар хийгдэх юм.

 

Төслийн талаарх тайлан болон зөвлөмж (RRP)-тэй эндээс дэлгэрэнгүй танилцана уу

 

 

Холбоо барих:

С.Солонго, +976 9900 0963, s.solongo@erdenesmongol.mn

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал