Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдэд Эрдэнэс Монгол, Женерал Электрик (GE) компаниуд хамтран ажиллана 2016 оны 6 сарын 22
  • Монголын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад байгалийн нөөцийг оновчтой ашиглах, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх боломжийг бий болгох чухал ач холбогдолтой.

Дэлхийд тэргүүлэгч, уул уурхайн салбарт инновацийн хувьсалыг хийсэн Женерал Электрик компанитай “Эрдэнэс Монгол” ХХК нь Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Уг санамж бичиг байгуулагдсанаар Монголын байгалийн нөөцийн үнэ цэн, хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Женерал Электрик компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал Мухамед Батт болон Женерал Электрик компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ц.Түмэнцогт нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд дэлхийн хэмжээний уурхай болох Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт болон бусад томоохон төслүүдэд Женерал Электрикийн уул уурхайн инновацийг нэвтрүүлэх боломжийг судлах, тоног төхөөрөмжүүдийг ашиглах, “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдэд хамтран ажиллана.

Түүнчлэн төмөр зам, усны дэд бүтцийн болон эрчим хүч үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан хий олборлох, нүүрс хийжүүлэх, нүүрсний болон салхины төслүүдийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Үйл ажиллагааны цар хүрээ өргөн, арвин туршлагатай Женерал Электрик компанитай хамтын ажиллагааг эхлүүлж буй нь уул уурхайн салбарт төдийгүй Монгол Улсынхувьд тогтвортой өсөлтийг хангах стратегийн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Дэд бүтцийн технологи болон санхүүгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Женерал Электрик компанитай стратегийн түншлэлийг эхлүүлэхдээ таатай байна” гэдгийг гарын үсэг зурах ёслолын үеэр онцолсон юм.

“Монголын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ технологийг нэвтрүүлэх болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагаа Монгол Улсын тогтвортой хөгжил-байгалийн нөөцийг оновчтой ашиглахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Женерал Электрик компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал Мухамед Батт хэлэв.

 

 

“ЭрдэнэсМонгол” ХХК-ийн тухай (www.erdenesmongol.mn)

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. “Эрдэнэс Монгол” ХХК нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.

“Эрдэнэс Монгол” компани нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг компанийн засаглал, удирдлага, үйл ажиллагааны туршлага бүхий Сингапурын Темасек корпораци болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Холбообарих:

С.Солонго, +976 9900 0963, s.solongo@erdenesmongol.mn

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал